Цагдаа зогсоогоогүй хэр нь яагаад торгууль бүртгэгдчихэв?

Зам дээр цагдаа харагдахгүй бол дүрэм зөрчиж болно гэсэн бодолтой байдаг юм биш биз? Зам дээр хэв журам зохицуулагч цагдаагийн ажилтан байхгүй байсан ч таныг дүрэм зөрчиж байгааг мэдэх, бүртгэх боломжтой хэд хэдэн арга байдаг. Үүнд:

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Улаанбаатар хотын гол гудамж замуудад суурилуулсан 52 ширхэг хөдөлгөөн мэдрэгчтэй камераар зөрчлийг илрүүлдэг. Эдгээр камер нь 250 км/ц хүртэл хурдыг хэмжиж, хурд хэтрүүлсэн автомашиныг автоматаар таних тохиргоотой байдаг. Түүнчлэн улаан гэрлээр нэвтэрсэн тохиолдолд мөн автоматаар бүртгэл хийгддэг байна.

E-Police гар утасны аппликэйшн – Иргэд энэхүү гар утасны аппликэйшнийг татан авч, зам тээврийн зөрчил гаргаж байгаа автомашины зургийг дарж Тээврийн цагдаагийн алба руу илгээдэг. Иймд, камергүй замаар зорчиж байсан ч бусад жолооч нар танд давхар хяналт тавьж байгааг анхаарах хэрэгтэй.

Facebook – Иргэд Facebook дээрх Traffic-Paparazzi групп дээр зөрчил гаргаж буй жолоочийн талаар пост оруулах, зөрчил гаргаж буй автомашины зургийг Тээврийн цагдаагийн албаны Facebook хуудас руу илгээх зэргээр танд торгууль тооцуулж болдог.

#Эх сурвалжаас нэгтгэв.