Даатгалын салбар дахь ажилтнуудын тэгш байдлыг хангах асуудлаарх дэлхийн хуралд оролцов

Даатгалын салбарт олон нийтийн тэгш оролцоог бий болгох зорилготой  Dive In дэлхийн хөдөлгөөнд "Смарт Брокерс" ХХК-ийн захирал Д.Солонго Монголын Даатгалын брокеруудын холбоог төлөөлөн оролцлоо. Тэрээр,"даатгалын салбарт ажилтнуудын эрх тэгш харилцааг хангах чиглэлээр "Смарт Брокерс" ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа бодлого нь дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдаж байгаа ч, илүү хурдтай байхыг шаардаж байна" гэж хэлсэн юм. Мөн даатгалын салбарын хэмжээнд нэгдэж, цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлов. 

Хүний эрхийг дээдлэн, тэгш боломж олгох тухай асуудалд бизнесийн нийт салбар анхаарах болсон. Харин даатгалын салбарт үүнд  чиглэсэн Dive In арга хэмжээг 2015 онд санаачлан эхлүүлснээс хойш дэлхийн 33 улсын 60 хотод зохион байгуулагдаж салбарын 9000 гаруй ажилтныг хамардаг болтлоо өргөжсөн байна.

Dive In нь даатгалын салбарт бүгдийн тэгш оролцоог хангасан ажлын орчинг бий болгох соёлыг хөгжүүлэн дэмжих олон улсын хөдөлгөөн бөгөөд салбарын мэдлэг, мэдээлэл, тэргүүн туршлагыг ашиглан эерэг өөрчлөлт авчрах, шат давхарга бүрдээ ялгаварлан гадуурхалтыг халах эрхэм зорилготой юм.

Мөн дэлхийн хэмжээнд цаг уурын өөрчлөлт, цахим халдлага зэрэг эрсдэлүүд тулгарч байгаа энэ үед эдгээр өөрчлөлтийг зөв удирдаж, даван туулах чадварлаг боловсон хүчнийг татахын тулд салбарынхаа нэр хүндийг өргөх нь энэхүү хөдөлгөөний зорилго юм. 

Тус компани 2020 онд энэхүү арга хэмжээнд илүү олуулаа оролцож, цаашид Монгол Улсад зохион байгуулахыг зорьж байна гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://diveinfestival.com/about-us/ холбоосоор авах боломжтой.