нөхөн төлбөрөө авах 5санамж

Автомашин нь өнөөгийн нийгэмд өргөн хэрэглээ болжээ. Монгол улсад 2020 оны 9 сарын байдлаар 1.114.651, зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 54% нь буюу 602.121 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Тээврийн хэрэгсэлийн тоо нэмэгдэхийн хирээр зам тээврийн ослын тоо ч мөн адил нэмэгсээр байна. Нийслэлд бүртгэгдсэн ослын 20.9% нь Сүхбаатар дүүрэгт, 20.4% нь Сонгинохайрхан, 18.4% нь Баянзүрх, 17.9% нь Баянгол, 13.7% нь Хан-Уул дүүрэгт, 7.0% нь Чингэлтэй дүүрэгт тус тус бүртгэгдсэн байдаг.

Жолооч та доорх шалтгааны улмаас осол аваар гаргасан бол танд даатгал үйлчлэхгүй болохыг анхаарна уу

Санамж 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох

2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад 393 ослын улмаас 430 хүн нас барж 5 тохиолдол тутмын нэг нь согтуугаар жолоо барьснаас үүдэн гарчээ. Дайн байлдаантай улс мэт харамсалтай статистик байгаа биз. Иймэрхүү кэйсүүд даатгалын үндсэн зарчимд харшлах тул маргаангүй татгалздаг. Учир нь даатгалын тогтолцоо магадлал дээр суурилдаг учраас согтуу машин барина гэдэг яг үүний эсрэг зүйл юм. Нөгөөтээгүүр өөрийн болон өрөөлийн амь насанд заналхийлж буй тул нийгмийн өмнө үйлдэх гэмт үйлдлийг даатгалын байгууллага өөгшүүлэх ёсгүй билээ.

Санамж 2. Хурд хэтрүүлэх

Зам тээврийн ослын хамгийн ноцтой хоёр дахь гол шалтгаан бол хурд хэтрүүлэх. Хот дотор хурд хэтрүүлэх, нэн ялангуяа орон нутгийн замд түгжрэлгүй тул уужим амьсгаа аваад хаазаа тултал нь гишгэдэг зан бидэнд бий. Харин үүн дээр жолоочийн туршлага, замын эвдрэл, гэнэт гарч ирэх мал амьтан, машин зэрэг эрсдэлүүд нэмэгдэж аюулыг бий болгодог. Олон улсад хурдны дээд хязгаарыг аюул бий болоход жолоочийн самбаачлах хугацаа, дугуй хээ замтай харьцах талбай зэрэг олон хүчин зүйлийг үнэлж үзээд гаргадаг учраас баримтлах л хэрэгтэй. Монгол улсад жил бүр дунджаар 500 орчим хүн зам тээврийн ослоос болж нас бардаг бөгөөд ихэнх нь орон нутгийн замд гардаг осолтой холбоотой аж. Хурд хэтрүүлэх үед даатгал байтугай бурхан ч танд тусалж амждаггүйг дээрх харамсалтай тоо баримт баталж байна.

Санамж 3. Даатгалын тохиолдолоо буруу мэдээлэх

Даатгалын схемийг ашгийн сэдлээр харвал бусад санхүүгийн хэрэгслүүдтэй харьцуулшгүй их үр өгөөж өгөх боломжтой. Товчхондоо хадгаламжид 100 төгрөг хийгээд 10 төгрөгийн өгөөж хүртдэг бол даатгалд 1 төгрөг төлөөд буцаагаад 100 төгрөг авах боломжтой байдаг. Ийм учраас зарим иргэд хуурамчаар нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх мөн мэдээлэлээ буруу өгөх эрсдэлтэй байдаг. Нөхөн төлбөр олгох процесс нь удаан төвөгтэй, олон төрлийн материал нэхдэг гэх мэт дутагдлууд нь чухамдаа тухайн тохиолдол үнэхээр болсон эсэхийг баталгаажуулахын тулд хийгддэг. Тийм учраас хөгжингүй орнуудад ч санал гомдол тасардаггүй билээ.

Санамж 4. Таны сонгоогүй эрсдэл учирсан бол

Даатгалын тохиолдол болсон ч тухайн гэрээгээр хамгаалахгүй байх үе гардаг. Энэ тохиолдолд талууд хоорондоо маргалдах нь элбэг. Лангуун дээрх талх чихэртэй, овьёостой, зүссэн гэх мэтчилэн олон төрөл байдаг шиг даатгалын бүтээгдэхүүн буюу гэрээ ч мөн адил ялгаатай хамгаалалт нөхцөлүүдийг санал болгодог. Танд үнэхээр хулгайн эрсдэл тохиолдчихоод, даатгалд мөнгө төлчхөөд хохироод үлдвэл харамсалтай. Гэвч гэрээгээр хулгайн эрсдэлийг даатгаагүй байвал ямар ч найраагүй юм. Тэгэхээр анхнаасаа гэрээгээ сайн уншиж ойлгох хэрэгтэй. Бас даатгалын менежерээр сайн тайлбарлуулж ойлголтоо зөв өгөхийг шаардах хэрэгтэй. Ингэснээр үл ойлголцох нь багасах юм.

Санамж 5. Даатгалын тохиолдолоо баталгаажуулаагүй

Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотолгоо байхгүй тохиолдолд нөхөн төлбөрийг юун дээр үндэслэж олгох вэ гэсэн асуудал гарч ирдэг байна.Иймд жолооч таньд хохирол учирсан бол нэн тэргүүнд даатгалдаа мэдэгдэж, байрнаасаа хөдлөлгүй ослоо баримтжуулж зураг бичлэг сайн хийсэн байх шаардлагтай  гэж зөвлөе.

Эцэст нь, даатгуулагчид машинаа даатгуулахдаа ихэвчлэн “одоо юунаас ч айлтгүй” гэж боддог. Гэтэл даатгал гэдэг нь бүхнээс биш, магадлалаар тохиолддог эрсдэлээс л хамгаалдаг гэдгийг дээрх жишээнүүд танд тодорхой хэмжээнд харуулсан гэж найдаж байна. “Бүх эрсдэлээс хамгаалах даатгал” гэсэн шошготой бүтээгдэхүүн бол зөвхөн даатгагдаж болох бүх эрсдэлийн тухай хэлж байгааг бас анхаарах хэрэгтэй.

Ийм учраас даатгалын гэрээний хамгаалах эрсдэл хэсэгтэй уншиж танилцсаны даруу залгуулаад “Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл” хэсгээ дахиад уншчихад гэмгүйг ЗӨВЛӨЖ байна

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ЖОЛООЧ ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?