Даатгалын компаниа хэрхэн сонгох вэ?

Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа олон даатгалын компаниас өөрт тохирохыгоо сонгоно гэдэг тийм ч амар, сонирхолтой ажил огтоос биш юм.

Гэхдээ та ирээдүйд гарах гэнэтийн эрсдэлээс өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах гэж л даатгалд хамрагдаж байгаа учир нөхөн төлбөрөө авах даатгал болон даатгалын бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Иймийн тулд заавал цаг гаргаж, нухацтайгаар бодож, сонгох шаардлага  үүсдэг.

Гаднын орнуудад бол даатгалын компанийг сонгоход туслах бүх төрлийн судалгаануудыг томоохон судалгааны компаниуд (Moody's, Standard & Poor's, and AM Best) маш нарийвчлалтайгаар гаргадаг учир тэндээс мэдээллийг авах нь зөв эхлэл болдог. Манайд харамсалтайгаар одоохондоо төдийлөн сонголтод нөлөөлөх судалгаа гардаггүй. Санхүүгийн зохицуулах хорооны улирал бүр гаргадаг тайлангаас та ерөнхий мэдээллийг авч болох юм.

Таны шийдвэрт нөлөөлж болохуйц олон улсад хэрэглэгддэг даатгалын компаниа сонгоход туслах 5 хүчин зүйлүүдийг хүргэе.

       1. Тусгай зөвшөөрөл

Даатгалын компани, түүний төлөөлөгч, даатгалын мэргэжлийн оролцогчид гээд бүгд тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулдаг. Эн тэргүүнд энэ салбарт хамрагдаж байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Дараа нь ямар нэгэн асуудал гарахад тухайн харилцсан компани/хувь хүн тань хариуцлага хүлээх хэмжээний эрх зүйн чадамжтай байх ёстой юм. СЗХ бүртгэлтэй компани төлөөлөгчдийг http://frc.mn/daatgal харж болно.

       2. Санхүүгийн тогтвортой байдал

Та даатгалыг ирээдүйд гарах санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж, санаа амар байх гэж сонгон хийлгэдэг шүү дээ. Тиймээс тухайн сонгосон компани тань таны эрсдэлийг үүрэх чадамжтай байх ёстойн дээр урт хугацаанд тухайн төрлөөр үйл ажиллагаа явуулсан байвал зохино. Хамгийн сүүлийн буюу 2018 оны жилийн эцсийн тайланг та http://frc.mn/data/show/6192 харж болно.

        3. Үнэ

Байгууллагын даатгалын бүтээгдэхүүний хувьд орсон эрсдэлээс эхлүүлээд төлөх хураамж нь компаниуд хооронд маш их зөрүүтэй байдаг. Үнэхээр анхаарал болон нилээд цаг шаарддаг ажлын нэг хэдий ч та хамгийн багадаа 3 даатгалын компанийн үнийг авч харьцуулах нь зүй.

Харин иргэдийн даатгалын хувьд зөрүү нь төдийлөн их биш байдаг. Гол нь тухайн гэрээнд хамрагдаж байгаа эрсдэл болон нөхөн төлбөр олгох хугацаа, бүрдүүлэх материал зэргийг харж сонголтоо хийгээрэй.

        4. Үйлчилгээ

Таны сонгосон эсхүл сонгох гэж буй даатгалын компани, түүний төлөөлөгч таны ямар ч асуултанд үр дүнтэй, шударга хариултыг өгдөг байх ёстой. Түүнчлэн танд даатгалын тохиолдол үүссэн үед хурдан шуурхай, үр дүнтэй арга хэмжээг мөн адил хэлж өгдөг байх ёстой. Нэг үгээр танд даатгалаа санал болгохдоо гаргаж байсан хичээл зүтгэлээ даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөр гарсан үед ч адил үзүүлж байх ёстой гэсэн үг юм. Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг санал болгодог улиралдаа нэг явцын дүгнэлтээ хийдэг байх нь сайн үйлчилгээг харуулна. Эцэст нь тухайн даатгалын компани нь хир их нөхөн төлбөрийн маргаантай байгаа эсэхийг тодруулах нь таны сонголтыг илүү баталгаажуулна.

        5. Харилцан холбоо

Та даатгалдаа итгэлтэй байх хэрэгтэй буюу харилцахад төвөггүй байх ёстой. Орчин үед утсаар болон онлайн даатгалууд гарч та хүссэн газраасаа даатгалыг худалдан авч болох нөхцөлүүд бий болсоор. Гэсэн хэдий ч танд асуудал тохиолдоход шууд харилцаж болох, нөхөн төлбөрийн материал бэлдэхэд туслах, хурдан хугацаанд авах зэрэгт танд, таны нөхцөлд тохирсон зөвлөгөөг шуурхай өгч байх харилцаа чухал юм.

Дээрх хүчин зүйлүүдийг харгалзан сонголтоо хийсэн бол та бусад даатгуулагч нараас хавьгүй илүү сайн шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэхгүй байна.

Эцэст нь та даатгалдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

Ирээдүйд учирч болох эрсдэлээ хамгаалж, гэнэтийн санхүүгийн хүндрэлээ давах арга замаа хэдийн олсон та өнөөдрийн ажил хэргээ сэтгэл амар гүйцэтгэж, ирээдүйн илүү их ашиг орлогодоо анхаарч ажиллаж чадна шүү дээ.

Та яагаад даатгалын брокерыг сонгох хэрэгтэй вэ?