Аливаа хүн өөрийн эрүүл мэндээ эсвэл байгууллага ажиллагсдын эрүүл мэндийг даатгуулахдаа ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ эсвэл АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛД хамрагдаж болох бөгөөд, даатгалын тохиолдол бий болоход дараах үндсэн бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагатай байдаг.
Үүнд:
- Хувь хүний өргөдөл эсвэл Хуулийн этгээдийн албан бичиг
- Эрсдэл учрах болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр
- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр
- Эмнэлэгийн хуудас олгогдохгүй даатгуулагчийн хувьд эмнэлэгийн магадлагаа, амбулаторийн карт, эмчилгээний зардлын баримт /E Баримт/
Жишээ:
Д хүн 100,000 төгрөг төлөөд өөрийгөө 10,000,000 хамгаалалттайгаар ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ-д даатгуулсан. Ямар нэгэн гэнэтийн ослын эрсдэлийн улмаас /шатнаас хальтарч унаад хөлөө гэмтээх, нохойд хазуулах, дээрээс нь биет зүйл унах гэх мэт/ эмнэлэгийн үйлчилгээ авсан бөгөөд, хөдөлмөрийн чадвараа 60 хоног алдсан нь тогтоогдсон бол, нөхөн төлбөр ямар байдлаар олгогдох вэ?
Жич: А даатгалын компанийн нөхөн төлбөрийн нөхцөлийг жишээнд тусгав.
Нөхөн төлбөрийн нөхцөл: Хөдөлмөрийн чадвараа 46 – 90 хоног алдсан бол:
Эхний 45 хоногийг, хоног тутам даатгалын үнэлгээний 0,3%-иар тооцно.
46-аас дээш хоног тутамд үнэлгээний 0,5% тооцно.
10,000,000 * 0,3,%*45/хоног/=1.350.000
10,000,000*0,5%*/60-45/хоног=750.000
Нийт: 2,100,000 төгрөгний нөхөн төлбөрийг авна гэсэн үг.
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРЫГ ХУВИАР ЭСВЭЛ ХУГАЦААГААР ТОГТООЛГОХ ТУХАЙ:
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь эсвэл хугацаагаар тогтоолгоход эхлээд хаана хандах вэ?
Та харьяа аймаг (дүүрэг)-ийн сум (өрх)-ийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох эсэх саналыг тухайн эрүүл мэндийн байгууллагын харьяа Эмнэлэг хяналт /Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс/-т хүргүүлнэ.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгохын өмнө хэдий хугацаанд эмчийн хяналтад байх вэ?
3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн (даатгуулагч) хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож болох уу?
Ердийн өвчний үед 90 хоног, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар, сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд 180 хоногийн хугацаанд төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад хянагдсаны дараа өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгож болно.
Ямар өвчтэй хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгох вэ?
Тухайн өвчний үе шат, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалд заасан өвчний жагсаалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооно.
Хөдөлмөрийн чадвар алдалтыг хэдэн хувиар тогтоолгосон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх вэ?
Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан, хөдөлмөрийн чадвараа 50-69 хувиар алдсан бол хагас (хэсэгчлэн) алдсан гэж үзнэ.
Өвчний заалтын хугацаа дууссан гээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалдаг. Энэ ямар учиртай вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалтад заасан хөдөлмөрийн чадвар алдалтыг хянах хугацааг үндэслэн “Заалтын хугацаа дууссан” шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цуцалж болно. Тухайлбал: 10.19 дүгээр заалтаар “Дунд чөмөгний гандан хэсгийн хугарал (бороо удааширч хөлийн явах гишгэх үйл ажиллагаа алдагдсан)”-ын үед хөдөлмөрийн чадвар алдалтыг “2 хүртэлх жил” гэж заасан байдаг. Энэ нь 2 жил хянаад хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцална гэсэн үг юм.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг ямар хугацаанд сунгуулах вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа дуусахаас өмнө буюу хойно 14 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар ороход 450 төгрөг авдаг. Энэ ямар учиртай вэ?
НДЕГ-ын даргын тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, шийдвэрийн хуудасны төлбөр 450 төгрөгийг иргэдээс авдаг.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулахын тулд хяналтын эмчээс гадна өөр төрөлжсөн мэргэжлийн эмч нарт үзүүлэх шаардлагатай юу?
Эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөө, явцын хяналтын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох оношилгоо, шинжилгээг зайлшгүй хийлгэх ёстой.
Тайлбар: Сайн дурын даатгал буюу ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ нь та нийгмийн даатгалын санд татвар төлдөг эсэхээс үл хамааран үйлчилдэг даатгалын бүтээгдэхүүн юм. Дээр дурьдсанчлан ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИСС-оор хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа тогтоолгон даатгуулсан даатгалын компаниасаа нөхөн төлбөр авах боломжтой буюу, гэнэтийн санамсаргүй ослоо санхүүгийн хүндрэлгүй даван туулах боломжтой хэрэгсэл билээ.