Нөхөн төлбөрийн кейс

Иргэн “С” 2021 оны 2 сард Nissan Juke маркын тээврийн хэрэгсэл худалдан авахдаа “А” даатгалд тээврийн хэрэгслийн даатгалаа 100%-ийн хамгаалалттайгаар даатгуулсан байна.

2021 оны 6 сард тус тээврийн хэрэгслийг зогсоолд байх үед нь автомашин мөргөөд тухайн газраас даатгуулагчид мэдэгдэлгүй явсан. Даатгуулагч “А” даатгалдаа хандсан боловч түүнд нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирсэн байна.

Учир нь автотээврийн хэрэгслийн даатгалд нь зогсоол, зогсоолын зориулалттай талбай, гражид байх үеийн эрсдэл тусгагдсан байдаг бол тэрээр тээврийн хэрэгслээ зориулалтын бус, зогсоолын тэмдэглэгээ байхгүй талбайд байршуулсан байжээ.

ЗӨВЛӨМЖ:

  1. Автотээврийн хэрэгслийг зогсоолын зориулалттай талбайд байршуулах;
  2. Даатгалын тохиолдол үүссэн буюу кейст дурдагдсан нөхцөл байдалд нэн түрүүнд даатгалын гэрээнд дурдагдсан Шуурхай дуудлагын утсанд хандаж, даатгалын үнэлгээг хийлгэх;
  3. Даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын гэрээтэй сайтар танилцаж баталгаажуулах;
  4. Мөргөж зугтсан тээврийн хэрэгслийн талаар Цагдаа болон Даатгалдаа мэдэгдэж, Жолоочийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.”, 14.2-т “Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагч, шуурхай алба, даатгалын хохирол үнэлэгчид гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хохирол учруулж зугтсан тээврийн хэрэгслийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас хохирлыг барагдуулах боломжтой.