СМАРТ-шийдэл ба хөгжил 2018

Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг угтан “Смарт брокерс” даатгалын нэгдсэн төвөөс санаачлан “Смарт шийдэл ба хөгжил–2018” Даатгуулагч төвтэй даатгалын салбарыг хөгжүүлэх нь уриан дор Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр Монголын Даатгалын Холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоод хамтран 2018 оны 11 дүгээр сар 20-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын зорилго нь даатгалын салбарт тулгамдаж буй асуудлуудад гарц, шийдлүүдийг бий болгох, даатгуулагчийн эрх ашгийг эрхэмлэн эрсдэлээс зайлсхийх боломжийг хамтдаа бий болгох, ухаалаг төхөөрөмж, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх замаар олон нийтэд ДААТГАЛЫН ӨДӨР-ийг таниулан сурталчлах, иргэдийн даатгалын боловсролыг нэмэгдүүлэхэд оршино.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь салбарын мэргэжлийн холбоод хамтран салбарын голлох боловсон хүчнийг бэлтгэн гаргаж буй мэргэжлийн боловсролын байгууллагуудын багш судлаачид, оюутан залуус цаашлаад тухайн салбарт ажиллаж буй даатгалын мэргэжилтэн мэргэжлийн оролцогчдыг хамарч байгаагаараа онцлог юм. Түүнчлэн олон улсын даатгалын салбар, даатгалын зуучлалын үйл ажиллагааны туршлагаас суралцах томоохон боломжийг олгож, мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулсан замаар ДААТГУУЛАГЧ ТӨВ-тэй хөгжлийн загварыг бий болгох  ажлыг хийж байгаа энэ цаг үед эн тэргүүний бодлогын өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Уг хурал нь 1. Оюутан 2. Салбарын ажиллагсад 3. Багш, судлаач гэсэн 3 ангиллаар явагдсан бөгөөд хуралд ирүүлсэн илтгэлүүдээс шаардлага хангасан нийт 15 илтгэл танилцуулагдаж үүнээс шилдэгүүдийг шалгаруулж байр эзлүүллээ.

Үүнд:
I. Оюутан ангилалд: 1-р байр, МУИС, ХЗС, 5-р түвшин, Н.Нарандулам /өргөмжлөл, сургалтын төлбөр/
II. Салбарын ажиллагсад ангилалд: 1-р байр, Бодь даатгал ХХК, Т.Шийрэв /өргөмжлөл, гадаадад сургалтанд хамрагдах эрх/
III. Багш, судлаач ангилалд: 1-р байр, МУИС, ХШУИС, ХМ Тэнхим, ГМТС-ын Профессор, багш нар, Г.Баттулга, Г.Баттөр, Л.Алтангэрэл нарын хамтын бүтээл тус тус байр эзэлсэн.

Харин салбарынхны мэргэжлийн ангилалд даатгалын компаниудиас гадна нэг даатгалын брокерын/даатгалын зуучлалын компани оролцож даатгуулагч төвтэй даатгалын салбарыг хөгжүүлэхэд брокерын оролцоо сэдэвт илтгэл тавьж 3 дугаар байрт шалгарсан нь СМАРТ БРОКЕРС ХХКомпанийн даатгалын брокер Н.Батчимэг байлаа.

Ур ухаан, цаг заваа гарган даатгуулагч төвтэй даатгалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх оролцогчиддоо болон хамтран зохион байгуулсан Монголын даатгалын холбоо, Даатгалын зуучлалын холбооддоо талархал илэрхийлье!