Гадаадад аялахдаа бэлэн үү ? Ямар нэгэн зүйл мартаагүй биз ?

1. БИЧИГ БАРИМТЫН БҮРДЭЛ, МӨНГӨН ТЭМДЭГТ

- Гадаад пасспорт, олон улсын төлбөрийн картуудынхаа дуусах хугацаа болон пин код, атм бэлэн мөнгөний машинд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах

- Бичиг баримтуудынхаа зургийг дарж өөрийн и-мэйл, мессенжер хаягт илгээх, биедээ авч явахдаа ус, чийг нэвтрэхгүй уутанд хийж авч явах /Бичиг баримтаа хаяж гээгдүүлэх гэх мэт тохиолдолд хуулбар файл хэрэг болно/

- Ханшийн зөрүүний хэлбэлзэл/хаана солиулахад ашигтайг тооцоолох/ тухайн орны мөнгөн тэмдэгтээр ойр зуурын хэрэглээнд зарцуулах бэлэн мөнгөтэй явах,

- Үүрэн телефоны сим карт худалдан авч ашиглах нь давуу талтай /ихэвчлэн интернэтэд үнэгүй холбогддог ба толь бичиг, газрын зураг, хөтөч хийх аппликэшнүүдийг утсандаа суулгах/

2. ШААРДЛАГАТАЙ ЭМ БЭЛДМЭЛ БОЛОН ДААТГАЛ

- Эмчийн бичсэн жор болон жорын дагуух эм бэлдмэл нь зөвхөн үйлдвэрийн сав баглаатай байж болох бөгөөд анхан шатны өвчин намдаах, халуун бууруулах гэх мэт анхны тусламжийн шарх ариутгах боолт, ариун цэврийн жижиг хэрэгсэл байж болно./Мансууруулах болон зарим ургамлын хандтай эм бэлдмэл хориотой байдаг/

- Онгоц хойшлох, ачаа тээш солигдох, хулгайд алдагдах, гадаадад гэмтэж бэртэх, хурц хордлогод орох гэх мэт гэнэтийн эрсдэлүүдээс хамгаалсан Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал хийлгэх. Дэлхий дахинд 50.000$ хамгаалалттайгаар даатгуулахад хураамж нь 4$-оос эхэлдэг. 

3. АЯЛАХ ОРНЫ ОНЦЛОГИЙГ СУДАЛЖ, АЯЛАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

- Тухайн аялах орны цаг агаарын байдалд тохируулан хувцас, хэрэглэлээ бэлтгэх,

- Аялах улс орны түүх соёлыг уншиж судлах, тодорхой ойлголт авах,

- Заавал үзэж сонирхох түүхэн дурсгалт газруудыг багтаасан аялалын төлөвлөгөө гаргах, 

- Тухайн газруудад очихын тулд таксигаар явах, метрогоор явах, машин түрээслэх гэх мэт зардлыг төсөвлөх,

- Тухайн улс орны бренд болсон урлаг соёлын тоглолтыг үзэх нь хамгийн сайхан дурсамж бас шинэ мэдрэмжийг танд өгнө.

4. ОНГОЦОНД ХОРИОТОЙ ЗҮЙЛС, ГАР ТЭЭШ, АЧААГАА АНГИЛАХ

- Аялалын замд дамжин өнгөрөх хил гаалийн нийтлэг хориглодог зүйлсийг авч явахгүй байх. Улс орнуудын онцлог дүрэм журмаас хамаарч зарим улсад хориглоогүй зүйлсийг бусад улсад хориглосон байдаг.

- Битүү боосон дайвар эд зүйлс бусдын захиасыг авч явахаас татгалзах

- Ачаанд авч явахад хориотой болон гар тээшинд хориотой эд зүйлсээ ангилж тээшээ бэлтгэх зэрэг бяцхан зөвлөгөөг танд зориулан хүргүүлж байна. Гадны орнуудаар аялахаар бол та эртнээс төлөвлөж захиалга өгвөл илүү хямд зардлаар аялах боломжтой байдаг бөгөөд гарч болох эрсдэлээ тодорхойлон аялалдаа зориулан хуримтлал үүсгээд санхүүгийн дарамтгүй дэлхийгээр тойрон олон олон гайхамшигтай адал явдлаар дүүрэн аялаарай. Танд амжилт хүсэе.